June 5, 2013

АВТО ЗАМЫН ХЭМЖИЛТ БА ТҮҮНИЙ АЧ ХОЛБОГДОЛ


Өнөөгийн авто зам, гүүр гэдэг нь нийгмийн хэрэгцээг хангагч үнэт баялаг, өндөр өртөгтэй, хугацаа шаардсан, технологийн нарийн дэг журам, техникийн байнгын хяналт, байгаль-цаг уурын задгай нөхцөлд үйлдвэрлэн ашиглагддаг инженерийн нарийн байгууламж юм.
Өргөн уудам нутагтай хүн ам сийрэг амьдардаг манай орны өвөрмөц нөхцөлд зохицсон тээвэр бол авто тээвэр юм. Ийм учраас манай төр засгаас орчин үеийн авто тээврийн хөдөлгөөний даац, хурд, жолооч, зорчигчдын ая тухтай аюулгүй байдлыг хангасан зам харилцааг бий болгоход анхаарч жил тутам олон тэрбум төгрөгний хөрөнгө оруулалт хийж байгаа билээ.

Шинэчлэлийн засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт 2015 оны эцэс гэхэд бүх аймгийн төвийг нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар бүрэн холбож дуусгахаар тусгасан нь шахуу зорилт юм. Их бага ямар ч үйлдвэрлэл, үйлчилгээний үр ашиг үйл ажиллагааны бодлогын хэрэгжилтээс гол нь шалтгаална.
Энэ зорилт нь биднийг уудам нутгаа замжуулах, одоо байгаа болон цаашид өргөжих замаа хэвийн байлгах , эдэлгээний хугацааг уртасгах, зам ашиглалтын үр ашгийг дээшлүүлэхэд авто зам, гүүрийн зураг төслөөс эхлэн барих, засварлах хүртэл бүх шатанд хариуцлагатай, мэргэжлийн өндөр түвшинд ажиллахыг шаардаж байна.
Авто зам, гүүрийн хайгуул судалгааны ажлыг гүйцэтгэхдээ замын трассаа сонгох, гүүр, хиймэл байгууламж барих цэгүүдээ тодорхойлох гээд бодит байгаль цаг уурын шууд онцлог нөхцлийг хэр оновчтой шийдэж чадсанаар тухайн байгууламжийн зураг төслийн ажлын эдийн засгийн үр ашиг хэмжигдэж байдаг.
Зам барилгын ажлыг гүйцэтгэхдээ хугацааны хэмнэлтийг бий болгоход чиглэгдсэн технологийн оновчтой арга хэлбэрийг олж сонгох, шуурхай нэвтрүүлэхийн зэрэгцээ өөрт байгаа нөөц бололцоог оновчтой ашиглах мөн өмнө нь алдаж байсан алдаа, үргүйгээр зарцуулж байсан эд хөрөнгө, цаг хугацааны алдагдлыг олж харах нь энэ зорилтыг биелүүлэхэд ажлын нэг хэсэг нь болж чадна.
Сүүлийн 20 гаруй жил зам барилгын ажлыг дотоодын хувийн өмчийн болон олон улсын байгууллагууд голчлон гүйцэтгэж байна. Гүйцэтгэгч компаниуд техник, технологи нь байвч, мэргэжилтэй ажилчид, шаардлагатай инженерийн баг байхгүй үйлдвэрлэл явуулж байгаа нь замын гүйцэтгэл, чанар, цаг хугацаа болон үр ашигт шууд нөлөөлдөг. Орчин үед хөгжилтэй улс орнуудад компани нь хүчирхэг байхын тулд тухайн салбар үйлдвэрлэлд хамгийн үр атттигтай менежментийг нэвтрүүлдэг.
Манай орон цаг агаарын байдлаас шалтгаалан зам барилгын үндсэн ажлууд бүхэлдээ зөвхөн дулааны улиралд хийгддэг, газар орны байршилтай уялдан хамгийн ихдээ 6-7 сар байдаг.
Иймд дээрх зорилтыг хэрэгжүүлэхэд гүйцэтгэгчийн нэмэгдэл зардлыг багасган, чанартай, илүү хурдан богино хугацаанд ажиллах нь ихээхэн ач холбогдолтой. Энэ нь өнөөдрийн юмны үнэ өдрөөр нэмэгдэж байгаа үед байгууллагын ашиг болж ирэх боломжтой бөгөөд үүний тулд шинэ технологийг нэвтрүүлэх нь нэн тэргүүнд шаардлагатай боловч байгаа нөөц бололцоогоо харах нь бас чухал юм.
Инженер техникийн ажилчид тус улсад мөрдөгдөж байгаа норм дүрэм, стандарт техникийн шаардлага, хууль эрхийн актуудыг мөрдөж, батлагдсан зураг төслийн дагуу зам гүүрийг барьж сурах нь өнөөдрийн бидний гол асуудал болж байна. Үүний дотор авто замын ямар ч шатны ажлын үндэс, эхлэл болсон хэмжилтийн ажлыг чанартай, норм дүрэм, техникийн шаардлагын дагуу хийж гүйцэтгэх нь ажлын хугацаа, чанар, өртөгийн хувьд шууд нөлөөлдөг болохыг өөрийн ажилласан туршлагаас олж харсан.
Аливаа үнэтэй материалаар үнэтэй зүйлийг хийж боловсруулахад хамгийн түрүүнд маш сайн хэмжиж баталгаатай болгосны дараа эсгэх, хөрөөдөх зэрэг ажилбарыг эхэлдэг. Тэгвэл зам бол тэдгээр зүйлсээс хэдэн зуу дахин үнэтэй учир энэ нь биднийг хэмжилтийг шаардлагын түвшинд сайн хийхийг шаардаж байна.
Хэмжилтийн чанарыг сайжруулснаар цаг хугацааг хэмнэх, эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэх, үргүй болон нэмэгдэл зардлыг багасгах гэх мэт олон талын ач холбогдолтой. Замын хэмжилтийг нарийн стандарт, техникийн шаардлагын дагуу хийж хэвшүүлэх нь зам барилгын ажилд үйлдвэрлэл, тээвэрлэлт, хэрэглээний зардлыг багасгах, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх, нөөц бололцоог ашиглах боломжтой болно. Үүнд оролцож байгаа инженер техникийн ажилчдын бүтээлч үйл ажиллагаа мэдлэг чадвараас шалтгаална.
Би авто замын салбарт 25 жил ажилласнаас 1998 оноос хойш сүүлийн 15 жил зөвхөн хяналтын болон зөвлөхийн хэмжилтийн инженерээр дотоод, гадаадын олон гүйцэтгэгч байгуулагатай хамтран ажиллаж ирсэн. Эндээс бидний нийтлэг алдааны талаар, ямар хэмжээний зүйл алдаж байгаагаа дүгнэж эргэцүүлэх, цаашид үйл ажиллагаандаа хэрэгжүүлэхэд богино хугацаанд их ажлыг амжуулах боломжтой зүйлсийг мэргэжил нэгт нөхөддөө сануулъя. Үүнд:
  1. Хэмжилтийн баг болон хэмжилтийн багаж хэрэгслийн талаар
Гадаадын гүйцэтгэгч байгууллагууд хэмжилтийн багийг доод тал нь 5 ба түүнээс дээш хүнтэй, маш чадварлаг инженерээр ахлуулсан баг байх ба сүүлийн үеийн өндөр хүчин чадалтай багаж хэрэгслээр бүрэн хангагдсан байдаг. Зам барилгын ажлын хэсэг бригадын талбайн инженерүүд бүгд нивелертэй ажлын талбайд ямар ч ажил хийгдэж байсан хэмжилтээ хийгээд л байдаг.
Манай компаниуд бол нэг их ач холбогдолгүй өгөхгүй. Зөвхөн нэг инженерийн ажил мэтээр ойлгох явдал элбэг. Чадварлаг багтай байснаар ямар нэгэн илүү дэвсэлт, илүү ухалт, замын далан болон бусад хэсгийг өргөн, нарийн хийх, хучилт суурийн үеүүдийг нимгэн зузаан хийх зэргээс үргүй зардал гаргах, засаж янзлах зэрэгт илүү цаг хугацаа, шатахуун түлш, хөдөлмөр зарцуулалт, материалаа зарлагдахгүй байх боломжтой болно.
  1. Замын ажил эхлүүлэх хугацааны талаар
Зам барилгын ажил ихэнхдээ 4 сараас эхэлдэг. Бид өнөөдөр замын ажлын улирлын хугацааг боломжтой хэмжээгээр нэмэгдүүлж байж ажлыг богино хугацаанд
амжуулах болно. Ялангуяа инженерийн түвшинд өвлийн амралт гэсэн ойлголтыг бага багаар багасгах хэрэгтэй. Замын ажлын гүйцэтгэгч болон зөвлөхийг шалгаруулж ажлыг эхлүүлэхдээ аль болох эрт хамгийн удаандаа л жил болгоны 1 сарын 15 наас хэтрүүлэхгүй байвал барилгын ажил эхлэхээс өмнө их ажлыг амжуулах боломжтой. Үүнд:
  • Үндсэн хатуу цэгүүдийн координат, өнцгийн оройн координатыг нэг бүрчлэн шалгаж баталгаажуулан замын трассыг тавих
  • Трассын дагуу гадаслагаа хийж түр хатуу цэгүүдийг байгуулах
  • Хөндлөн болон бусад хэмжилтүүдийг хийж зам, гүүр хоолойн ажлын зураг, тоо хэмжээг нарийвчлан гаргах
  • Ажлын төлөвлөгөөг 7 хоног, сар, улирал, бүтэн төслөөр гаргах
  • Шаардлагатай тоног төхөөрөмж, материал, бусад шаардлагатай зүйлсийг хангах зэргээр бэлтгэл ажлыг сайн хийж дулааны улирал эхлэнгүүт шууд үндсэн ажилдаа ороход дөхөм болно.
Зам барилгын ажил эхлээд дээрх ажлуудад хамгийн багадаа 1 сарын хугацаа зарцуулдаг ба ямар нэгэн алдаа зөрүү гарвал үүнээс удах тохиолдол байдаг.
  1. Гадаслагаа хийхийн ач холбогдол
Бэхэлгээний болон хормойн гадаслагааг техникийн шаардлагын дагуу хийж арчлах нь харьцангуй бага цаг хугацаа, мөнгийг зарцуулдаг боловч үүнийг хийгээгүйгээс ихээхэн алдагдал хохирол хүлээдэг. Энэ бол манай дотоодын ихэнх гүйцэтгэгч нарын гаргадаг нийтлэг алдаа юм. Хормойн гадаслагааг огт хийхгүй эсвэл буруу хийснээр далан болон ухмалын хэлбэр буруу гарч илүү, дутуу дүүргэлт ухалтын ажил хийгддэг бөгөөд энэ нь дээшлэх тусмаа засаж янзлахад хүндрэлтэй болдог.
Гадаслагааг зөвхөн хяналтын инженерт зориулж хийж байгаа мэтээр ойлгох нь цөөнгүй. Харин гүйцэтгэгч өөрийн ажлаа хянахад илүү хэрэгтэй билээ. Мөн гадаслагааг хийхдээ үе болгон дээр түвшинг тэмдэглэж өгөх нь чухал. Энэ бүгдийг техникийн шаардлага дээр тодорхой бичсэн байдаг.
  1. Нарийвчилсан хэмжилт хийж ажлын зураг боловсруулахын ач холбогдол
Гадаадын гүйцэтгэгч ямар ч ажлыг эхлэхээс өмнө заавал ажлын зураг гаргаж, тоо хэмжээг нарийн тооцдог бөгөөд энэ ажилдаа маш их ач холбогдол өгч ажилладаг. Гэтэл манай ихэнх гүйцэтгэгч нар үүнийг эсэргүүцэж илүү ажил хийлгэх гэлээ гэх нь элбэг. Энэ нь их эрсдэлийг дагуулж байгаа билээ. Жнь: Замын зураг төсөл 2009 онд хийгдсэн. Танай компани 2013 онд зам барих ажлаа аваад ирэхэд зураг төслийн ажил хийгдэж байснаас өнөөдрийн байдал өөр болсон байх магадлал өндөр. Зарим газар нь нүх ухсан, шороо асгасан, зарим хэсэгт цахилгааны шон тавьсан байж болно.
Иймд энэ байдлыг эрт тодруулж зохих газраар нь шийдвэрлүүлснээр шинээр гаргасан хиймэл байгууламж болон хөндлөн огтлолын зургуудыг ажилдаа ашиглах, тоо хэмжээгээ нарийвчилж гаргах, зам барилгын ажлын явцад ямар нэгэн маргаантай зүйл гарахгүй, гэнэтийн зүйл гарч ирж цаг хугацаа алдахгүй байх боломжтой.
  1. Төлөвлөгөө гаргах, хянахын ач холбогдол
Нарийвчилсан тоо хэмжээг гаргах нь ажлын төлөвлөгөө бодитой, үнэн гарах боломжтой. Мэдээж ажил эхлэхээс өмнө ерөнхий төлөвлөгөө гаргадаг ч гэсэн нарийвчилсан төлөвлөгөө заавал гаргаж ажлын явцыг 7 хоног бүр хянаж байх нь давуу талтай. Ажлын гүйцэтгэл ямар хэмжээнд явж байгаагаа хянах, цаашид ямар ажил хийхээ тодорхойлох, хугацаа хоцорч яваа бол хугацаагаа нөхөх зэргээр олон зүйлийг харж болно.
Манай компаниуд ихэнх нь төлөвлөгөө гарга гэхээр ажлын тоо хэмжээг ажил хийх сардаа тэнцүү хуваагаад урт хар зураас татаад байдаг. Гэтэл замын ажил явагддаг саруудын цаг агаарын нөхцөл байдал бүх сард ижил байдаггүй болохыг тооцоолох хэрэгтэй. Гаргасан төлөвлөгөөгөө ханан дээрээ хадсан байдаг ч хэрэгжилтийн байдлыг тэмдэглээгүй, ямар хэмжээнд хэдэн хувьтай ажил хийгдсэнээ мэдэхгүй байдаг нь төлөвлөгөөг ханын үзэсгэлэн болгож харагдуулдаг.
Зарим туршлагатай инженерүүд цаасан дээр буулгаагүй ч өөрийн гэсэн төлөвлөгөөтэй байдаг. Гэхдээ үүнийг цаасан дээр буулгаж ажил хэрэг болгох нь та ажлын явцыг хянах, баг хамт олон чинь хэзээ ямар ажил хийхийгээ тодорхой мэдэж байвал ажлын амжилтанд нөлөөтэй.
  1. Хэмжилтийг ажлын зурагтай уялдуулан цаг тухайд нь хийхийн ач холбогдол
Байгууллага хэмжилтийг чанартай хийж дутагдал, илүү дутуу гаргахгүй техникийн шаардлагад заагдсан хүлцэх алдааны хүрээнд байлгаж ажиллавал нэмэлт ажил хийхгүй, илүү цаг хугацаа алдахгүй, илүү материал эд хөрөнгөөрөө хохирохгүй байх бүрэн боломжтой. Гадаадын ихэнх гүйцэтгэгч нарийн хэмжилт хийж, хэлбэр хэмжээг сайн бариулдаг бөгөөд заримдаа хүлцэх алдааны 1 см, 2 см-ийг хүртэл ашиглаад байдаг. Энэ нь бас урт замд нэлээдгүй хөрөнгө мөнгө хэмнэгдэх тал байна.
Жишээн дээр авч үзье. 100 м урттай замд 20 см илүү далан дэвссэн, далангийн дээд үеийн өргөн 11 м байсан гэж үзье. Энэ тохиолдолд хэр хэмжээний мөнгө зөрцуулагдахыг бодъё.
У=100х11х0.2м=220 м 3 болно.
Шинэчлэгдээгүй төсвийн суурь үнэлгээгээр далангийн дээд үеийг 2 км зайтай шороон ордоос тээвэрлэн хийхээр ажлын нэгж үнийг ойролцоогоор бодвол                                                              100 м3
670665 төгрөг гарч байна.
Үнэ=220х670665/100 =1475463 төгрөг гарч байна.
Энэ нь хэдийгээр бага мөнгө юм шиг санагдаж болох боловч ажлын хэмжээг багаар авсан бөгөөд энэ үнэ одоо 2 дахин өсч байгаа, хучилтын үеүд илүү өндөр үнэтэй гээд бодвол мөнгө болон эд хөрөнгийн зардал их гарч байгаа нь харагдаж байна. Үүнээс гадна цаг хугацаа алдана, цалин хөлс, түлш шатахуун гээд үргүй зардал их гарна.
Аливаа хүлцэх алдааг техникийн шаардлагад заасан хэмжээнээс хэтрүүлсэн /дээшээ болон доошоо/ тохиолдолд хучилт, газар шорооны ажил, хиймэл байгууламж зэргийг хэрхэн засаж янзлах нь заагдсан байдаг. Дахин ажиллах хэсгийн хамрах хүрээ хамгийн багадаа 3м өргөн, 30м урт талбайтай байна гэж заасан байдаг. Гэтэл нэгэнт хийсэн зүйлийг засаж янзлах хүндрэлтэй ба гүүр хиймэл байгууламжийн хийц хэсгүүдэд бүр ч илүү зардалтай, хүндрэлтэй болно. Тийм учраас хэмжилтэнд ач холбогдол өгч ажиллах нь танай байгууллагын олох ашгийн ихээхэн хэсэгт нөлөөлнө.
Байгууллагын удирдлага, инженер техникийн ажилчид дотоодын хяналтыг хийж байгууллага дээрээ гарч байгаа дутагдлыг өөрсдөө илрүүлэн засаж чаддаг байх, бусад байгууллагуудад гарч байгаа алдаанаас сургамж авч өөр дээрээ гаргахгүй байх, чанарын талаар дэвшилтэт техниологи туршлагыг судлан нэвтрүүлэхээс гадна зам гүүрийн өндөржилт, эргэлт, гадаслагаа хоорондын зайн хэмжээнүүдийг шалгах, бичиг баримтуудыг бүрдүүлэх, материал, хийц хэсгүүд, хольц, зуурмагуудын орц нормыг мөрдөх, далан, суурь, хучилтын нягтрал, зузаан, тэгш байдлыг шалгахад анхаарч ажиллах нь чухал.
Манай өвөг дээдэс “Долоо хэмжиж нэг огтол” “Харамч хүн хоёр дахин төлдөг” зэрэг сургамжит зүйр үгнүүдийг хэлдэг нь богино хугацаанд өндөр өртөгөөр хийгддэг зам, замын байгууламжийг барьж байгуулдаг бидний хувьд ажлын бас нэгэн зарчим болгоход илүүдэх зүйл байхгүй билээ.
Өнөөдрийн байдлаар бид шинэ техник технологийг нэвтрүүлэн хэрэгжүүлэхэд хөрөнгө, хүн хүчний хэрэгцээ их хүндрэл учирч байж болох ч үүнтэй харьцуулахад хэмжилтийн ажлыг нарийн шаардлагын дагуу хийх нь тийм ч их зүйл шаардахгүй ба ажлын зохион байгуулалт, хэмжилтийн чадварлаг баг зэргээр хэмжигдэнэ.
Иймд авто замын өндөр өртөгтэй тээврийн барилгыг барихдаа хэмжилтэндээ ач холбогдол өгч ажиллаж үүнийхээ үр ашигаар олон шинэ техник технологийг нэвтрүүлж чанартай замыг цаг хугацаанд нь ашиглалтанд оруулж ажиллацгаая.

No comments:

Post a Comment