June 5, 2013

Нийтийн тээврийн үйлчилгээг холбогдох хууль тогтоомж, дүрэм журам, стандартын дагуу зохион байгуулах, хяналтыг сайжруулах, сахилга хариуцлагыг өндөржүүлэх.


Монгол улсын Зам, тээврийн яамны “Зөвлөмж хүргүүлэх тухай” 2013 оны 04 сарын 05-ний өдрийн 1/1999 албан бичиг аймгийн Засаг даргад ирүүлсэн байна.


Уг албан бичигт
Улаанбаатар хотод 2012 оны байдлаар нийтийн тээвэртэй холбоотой зам тээврийн осол 552 удаа гарч, 6 хүн амь насаа алдаж, 221 хүн гэмтсэн, 2013 оны эхний 3 сард зам тээврийн осол 125 удаа гарч, 2 хүн нас барж, 46 хүн гэмтсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2 дахин нэмэгдсэн байна.  Мөн 2012 онд хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээнд зам тээврийн осол зөрчил 22 удаа гарч, 7 хүн амь эрсдэж, 15 зорчигч хүнд, 28 зорчигч хөнгөн гэмтсэн нь ихээхэн ноцтой асуудал гэж үзэж болохоор байна.
Замын Цагдаагийн албанаас 2013 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг 8 аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд 2 цагийн хугацаанд шалгахад согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 1, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан 1, жолоодох эрхийн үнэмлэхгүй 2, эрхийн үнэмлэхгүй кондуктороор жолоодлогын дадлага хийлгэж явсан 1, өөр автобусны гэрчилгээ сольж явсан 2, гэрэлтүүлэг хэрэгсэл бүрэн бус 26 тохиолдол илэрсэн байх бөгөөд шалгах механик нь шугаманд гарч байгаа тээврийн хэрэгслийг зөвхөн тоолох төдий ажилладаг нь тогтоогджээ. Мөн шалгалтын явцад жолооч нар гар утсаар ярих, автобусны бүхээгт тамхи татах, өөр хоорондоо уралдах, гүйцэж түрүүлэх зэрэг зөрчлүүд илэрсэн байна.
Зам, тээврийн осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн тээврийн байгууллагад сахилга хариуцлагыг дээшлүүлэх, тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг зөвлөж байна.
  1. Нийтийн тээврийн үйлчилгээг зохицуулах хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулж, сахилга хариуцлага, дэг журам, хөдөлгөөний аюулгүй байдлыг дээшлүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ авах
  2. Нийтийн тээврийн үйлчилгээг холбогдох хууль тогтоомж, стандарт, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2009 оны 201 дүгээр тушаалаар батлагдсан /Ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм/-ийн дагуу зохицуулж, зохион байгуулах
  3. Үйлчилгээг “Зөвлөмж батлах тухай” Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2011 оны 153 дугаар тушаалаар батлагдсан зөвлөмжийн дагуу 5-р зэрэглэлээс доошгүй аж ахуйн нэгж, байгууллагаар гүйцэтгүүлэх
  4. Инженер техникийн ажилтан, жолоочийн туршлага, мэргэшсэн байдал, тээврийн хэрэгслийн жагсаалт, тээвэрлэлтийн үйлчилгээнд ажиллах жолоочийн ажил, амралтын хуваарь, тухайн байгууллагын үйл ажиллагааны талаарх товч танилцуулга зэрэг байгууллага,, хувь хүний нууцтай холбоогүй мэдээллүүдийг тээвэрлэлтийг гүйцэтгэгч болон захиалагч байгууллагын цахим хуудсанд байршуулах
  5. Үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд 2013 оны 4 дүгээр сард багтаан холбогдох байгууллагуудын төлөөллийг оролцуулсан хамтарсан шалгалт хийж, шаардлага хангаагүй аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагааг зогсоох
  6. Нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагатай байгуулсна гэрээг сар бүр дүгнэн, үйл ажиллагаанд нь үнэлэлт дүгнэлт өгөх, гарсан зөрчил дутагдлыг шуурхай арилгуулах, осол зөрчил гарсан тохиолдолд байгууллагын удирдлагад тухай бүр хариуцлага тооцох, гэрээний хариуцлагыг өндөржүүлэх
  7. Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний зогсоол, буудалд тээвэрлэлтийн чиглэл, тээврийн хэрэгслийн ирэх, явах цагийн хуваарийг нарийвчлан гаргаж байрлуулах, тээвэрлэлтийн замнал, зурмагын дагуу байнгын хяналт тавих
  8. Хот хоорондын тээвэрлэлтийн давтамж цагийн хуваарийг нарийвчлан гаргаж, батлуулж мөрдөх
  9. Нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллах жолооч нарыг эрх зүйн болон жолоодох ур чадварын дадлагын сургалтанд сар, улирал бүр хамруулах
  10. Инженер, техникийн ажилтан, засварчин, жолооч, кондукторыг сургалтанд хамруулах тусгай хөтөлбөр боловсруулж мөрдүүлэх
  11. Нийтийн тээврийн үйлчилгээнд гарах тээврийн хэрэгслийн техникийн байдлыг бүрэн хангуулах, жолоочийн эрүүл мэндийг шалгаж тогтоосны дараа үйлчилгээнд ажилуулах
  12. Жолооч, кондукторын ажил, амралтын дэглэмийн хуваарийг нарийвчлан гаргаж мөрдүүлэх
  13. Ажил олгогчийн хөдөлмөрийн гэрээнд жолооч, кондукторын ажлыг бодитоор үнэлэх, цалин хөлс, урамшууллын хэмжээг тодорхой тусгуулах, ажлын байрны аюулгүй байдлыг хангуулах
Энэхүү зөвлөмжийг үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагуудтай байгуулах гэрээнд тусган хэрэгжилтийн үр дүнг улирал бүр гаргуулж хяналт тавьж ажиллахыг хүсье.


САЙД        А.ГАНСҮХ
Иймд дээрхи зөвлөмжийг Нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгж бүр хангаж ажиллах талаар тодохой ажил зохион байгуулахыг тэдгээр аж ахуйн нэгж, байгууллагуудын удирдлага, жолооч нарт зөвлөж байна.

No comments:

Post a Comment