June 5, 2013

Зам, тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэе


“Замын хөдөлгөөний тулгамдсан асуудлууд” сэдэвт онол практикийн бага хуралд хэлэлцүүлсэн илтгэлүүдийг хүргэж байгаа билээ. Энэ удаад Цагдаагийн академийн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тэнхимийн ахлах багш, цагдаагийн дэд хурандаа О.Батжаргалын илтгэлийг хүргэж байна.





Агуулга:
Дэлхийн нийтийн ЗХАБ-ын үндсэн нөхцөл байдал
Олон улсын хамтын нийгэмлэгээс ЗХАБ-ын талаар хэрэгжүүлж байгаа бодлого, шийдвэр
Дэлхий нийтээрээ зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх цаашдын зорилт
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан дүгнэлтээр жил тутам 1.3 сая хүний амь насыг авч одож, 50 сая хүнээ эрэмдэг зэрэмдэг болгоход хүрч байгааг дэлхийн хэмжээнд “Зам тээврийн ослын тахал” гэж нэрлэж байна. Зохих арга хэмжээ авахгүй бол 2020 он гэхэд зам тээврийн ослын улмаас нас барагсдын тоо 2 дахин өсөх аюултай байна. Зам тээврийн осол гэмтэл нь хүн төрөлхтөнд хумхаа, сүрьеэ өвчинтэй зүйрлэхүйц хохирол учруулж, ялангуяа хөгжиж байгаа орнууд илүү нэрвэгдэж байна. Зам тээврийн ослын нас баралтын 90 хувь нь бага дунд орлоготой орнуудад ноогдож байна.
Зөвхөн энэ төрлийн осол гэмтлээс шалтгаалж эдгээр орнуудын эдийн засагт 64.5-100 тэрбум долларын алдагдал үзүүлж байгаа нь 2005 онд эдгээр орнуудад үзүүлсэн санхүүгийн дэмжлэг болох 106.5 тэрбум доллартай дүйцэж байна. Сүрьеэ, хумхаа өвчин нь дэлхий дээр хүнийг үхэлд хүргэдэг эхний 12 шалтгааны 7 дээр байгаа юм.
Харин сүрьеэ өвчнөөр өвчлөгсдийн тоо жилд 1 хувиар өсч байгаа бол зам тээврийн осолд нэрвэгдэгсдийн тоо 2020 он гэхэд 65 хувиар буюу 5-6 дахин өсөх хандлагатай байна.
Гэтэл хумхаа болон сүрьеэ өвчинөөс 2015 он гэхэд ангижрах төлөвлөгөөг НҮБ-ын мянганы тунхагт тусгаж их хэмжээний хүн хүч, эдийн засгийн зардал гаргаж байгаа бол Хөдөлгөөний аюулгүй байдлын салбарт ийм анхаарал, ийм хүч хөрөнгө төвлөрүүлэх тухай дэлхийн хэмжээнд хангалттай сайн яригдаж ойлгогдоогүй байна.
Хөдөлгөөний аюулгүй байдлын асуудлыг эдийн засгийн тогтвортой хөгжлийн хүчин зүйлийн жагсаалтаас үндсэнд нь хасаж НҮБ-ын мянганы тунхагийн зорилтод оруулаагүй ба НҮБ-аас боловсруулсан “Эдийн засгийн тогтвортой хөгжлийн хөтөлбөр”-т ч тусгаагүй болно.
Бага, дунд орлоготой орнуудад жилд ЗХАБ-ыг хангуулахад 10 сая хүрэхгүй доллар зарцуулж байгаа нь хэт бага байна.
Энэ асуудлыг шийдвэрлэх талаар улс орнуудын гадаад дотоод бодлогод тусгасан зүйлгүй, донор орнуудаас авах санхүүгийн зээл тусламжид энэ  салбарт үндсэндээ юу ч зориулж тусгахгүй байна.
Замын дэд бүтцэд оруулж буй хөрөнгө оруулалт нь Хөдөлгөөний аюулгүй байдлыг дээшлүүлэх үйл ажиллагаа  төлөвлөгдөөгүй, харин ч үүнээс болж зам тээврийн осол гэмтэл өсөх шалтгаан болж байна.
Замын дэд бүтцэд оруулах санхүүжилтийг төлөвлөхдөө ЗХАБ-ыг хангуулах зөвлөмжийг Дэлхийн банкнаас  боловсруулж гаргасан байна. Энэ зөвлөмжийн дагуу замын дэд бүтцийн тухайн төслийн 10-аас доошгүй хувь нь замын хөдөлгөөний аюулгүй байдалд зарцуулагдсан байх ёстой. Энэ зарчмыг донор орнууд хэлбэрэлтгүй, тууштай хэрэгжүүлэх шаардлагатай.
Тэгвэл ОУ-ын хамтын нийгэмлэгээс ямар арга хэмжээ авч, ямар бодлого явуулж байна вэ?
ДЭМБ, Дэлхийн банкнаас зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх дэлхийн илтгэлийг 2004 онд гаргаж зам тээврийн осол гэмтлийн гол гол эрсдэлтэй хүчин зүйлүүдийг дурьджээ.Үүнд:
ž  Согтуугаар автомашин жолоодох.
ž  Хамгаалалтын малгай хэрэглэхгүй байх.
ž  Хамгаалалтын бүс нь тогтоосон шаардлага хангахгүй байх.
ž  Хурд хэтрүүлэх
ž  Замын дэд бүтэц хангалтгүй
Энэ илтгэлд эдгээр хүчин зүйлүүдийг арилгах практик зөвлөмжүүдээ дурьдахын дээр Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг дээшлүүлэх асуудалд системтэй, нэгдмэл хандлагыг ашиглах, үүний дотор Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах үндэсний стратеги төлөвлөгөөг хөгжүүлэн зохицуулж, хяналт тавьдаг байгууллагыг бий болгохыг зөвлөжээ.
НҮБ-ын 2003, 2004, 2005 онд Ерөнхий Ассамблейгаар бага, дунд орлоготой орнуудад Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах салбарт хямрал үүссэнийг хүлээн зөвшөөрчээ.
Үүнтэй холбогдуулан Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас төрийн болон олон нийтийн байгууллагын үйл ажиллагааг зохицуулж энэ салбарын асуудлыг хамтран шийдвэрлэх ёстойг цохон тэмдэглэв.
Дэлхийн банкнаас “Дэлхийн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын сан” байгуулсан нь бага, дунд орлоготой орнуудад хэрэгжих дэлхийн, бүс нутгийн болон үндэсний хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх хөрөнгө төвлөрүүлэх зориулалттай юм.
Хөдөлгөөний аюулгүй байдлын Дэлхийн илтгэлд заасан зөвлөмжүүдийг амьдралд хэрэгжүүлэхийн тулд Дэлхий нийтийн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах үйл ажиллагааны төлөвлөгөө шаардлагатай. Үүнд донор орнуудын санхүүгийн дэмжлэг маш чухал болно.
Үйл ажиллагааны төлөвлөгөөг үр ашигтай санхүүжүүлэхийн тулд 10 жилийн хугацаанд энэ салбарт 300 сая ам.доллар оруулах саналыг “Дэлхий нийтээрээ замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө тэмцэх хороо”-ноос санал оруулсан нь хэрэгжиж эхлээд байна. Энэ хөрөнгө нь сүрьеэ, хумхаа өвчинтэй тэмцэхэд зориулж буй зардлаас хамаагүй бага боловч хөдөлгөөний аюулгүй байдлыг дээшлүүлэхэд мэдэгдэхүйц хувь нэмэр оруулах юм.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын асуудалд улс төрийн дэмжлэг нэн чухал. Тэгвэл НҮБ-аас 2009 онд сайд нарын түвшинд замын хөдөлгөөний аюулгүй байдлын зөвлөлгөөн зохион байгуулж, 2010 онд болсон Ерөнхий Ассемблейгаас “2011-2020 оныг замын хөдөлгөөний авулгүй байдлыг хангуулах үйл ажиллагааны 10 жил” болгож тунхаглав.
Замын хөдөлгөөний аюулгүй байдал гэдэг нь засгийн газар болон иргэний нийгмийн өргөн хүрээний байгууллагуудын хамтын хариуцлага юм. Иймээс тус хорооноос “Дэлхийн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах “Хартия” /Дүрэм /-ийг бий болгохыг санал болгож байна. Үүний туслалцаатайгаар сонирхсон байгуулага, хүмүүс нь Дэлхийн илтгэлд орсон заалтуудыг амьдралд хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, зам тээврийн ослын нас баралт гэмтлийг бууруулах боломжтой юм.
ž  Дэлхийн банкны шинжээч нарын тооцоолсноор 2020 он гэхэд ядуу буурай орнуудад зам тээврийн ослын нас баралтыг 30 хувиар бууруулж чадвал 2.5 сая хүний амь насыг аварч 200 сая хүнийг гэмтлээс сэргийлэх болно.
ž  Иймээс тус Хорооноос эдгээр орнуудын зам тээврийн ослыг бууруулах талаар өөрийн үндэсний зорилт дэвшүүлэхийг даалгаж, энэ нь шахуу боловч хэрэгжихүйц зорилт байх нь зүйтэй гэж зөвлөж байна.
Дэлхийн илтгэлийн зөвлөмжийг хэрэгжүүлж, замын хөдөлгөөний аюулгүй  байдлыг хангуулах хөтөлбөрийн санхүүжилтийг нэмэгдүүлэхэд “Их 8 гүрэн”-ий тэргүүнүүд хүчтэй түлхэц өгнө гэдэгт Хорооноос найдвар тавьж, эдгээр орнууд ч “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын дэлхийн сан”-г хүлээн зөвшөөрч байгаа юм.
Хөгжиж байгаа орнуудын зам тээврийн ослын нас баралтын тахал нь дэлхий нийтийн эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлж байгаа,  байнга өсөн нэмэгдэж буй аюул юм гэдгийг хаана хаанаа ойлгож эхлэж байна.
Дийлэнх осол гэмтэлийг урьдчилан сэргийлж болно гэдгийг ч ойлгосон.
Зорилт:
ž  Энэ 2010 онд НҮБ-ын Ерөнхий Ассемблейгаас “2011-2020 оныг замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах үйл ажиллагааны 10 жил”-ээр тунхаглаж энэ хугацаанд зам тээврийн ослын улмаас нас барагсдын тоог 2 дахин бууруулах өндөр зорилт дэвшүүллээ.
Энэ ажлын хүрээнд дэлхийн улс орнуудад дараах 6 гол түлхүүр зөвлөмжүүдийг Дэлхийн илтгэлд дурьдсан байна:
Нэг. Үндэсний Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг дээшлүүлэх үйл ажиллагааг удирдан чиглүүлэх Засгийн газрын тэргүүлэх бүтцээ тодорхойлох. Дэлхийн практикаас үзэхэд энэ байгууллага гол төлөв Засгийн газраас томилогдсон түүний харьяа байгууллагуудын үйл ажиллагааг хөдөлгөөний аюулгүй байдлын чиглэлээр зангидах, хянах, шийдвэр гаргах зэрэг тодорхой эрх бүхий төр олон нийтээс санхүүжилттэй байдаг байна. Энэ ажилд нөлөө бүхий байгууллага, хувь хүн, улс төрчдийг татан оролцуулах нь үр дүнтэй байдаг.
Энэ ажилд хамгийн гол нь улс төрийн дэмжлэг авч холбогдох салбаруудын ойлголцол, хамтын ажиллагаа тэргүүн зэргийн ач холбогдолтой.
Хоёр. Орон бүр зам тээврийн осол гэмтэлтэй холбоотой тулгамдсан асуудал, бодлого, боломжоо судлаж үнэлгээ дүгнэлт өгсөн байх. Ийм үнэлэлт, дүгнэлт гаргахдаа зөвхөн зам тээврийн осол, хэргийн тоо баримтыг авч үзэхээс гадна аль бүлгийн хөдөлгөөнд оролцогчид осолд илүү өртөж байгаа, газар зүйн хувьд аль бүс нутаг илүү асуудалтай байгаа, замын аюулгүй байдлын салбарт ямар хөтөлбөр, төлөвлөгөө хэрэгжиж ямар үр дүн нөлөөтэй байгаа, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах салбарт төрийн ямар бүтэц байгаа, түүний чадамж ямар байгаа зэргийг авч үзэх нь зүйтэй.
Энд ОУ-ын стандарт хэрэгжүүлэх нь маш чухал. Тухайлбал: Хүн нас барсан ослыг тодорхойлохдоо дэлхийд мөрдөж байгаа 30 хоногийн хугацааг ашиглах, өвчин эмгэгийн ОУ-ын статистик ангилалын стандарт, гэмтлийн гадаад шалтгааны ОУ-ын ангилал /ICECI / зэрэг стандартыг мөрдвөл дэлхийн хэмжээнд мэдээлэл нэгтгэж гаргахад ч үнэн зөв баримт бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой байна.
Гурав. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөөг бэлтгэх. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын салбар дахь стратеги нь зам, тээвэр, эрүүл мэнд, боловсролын зэрэг маш олон салбарыг хамарсан, олон мэргэжлийг хамруулж энэ чиглэлийн мэргэжилтэнүүдийг зэрэг оролцуулсан стратеги байх нь зүйтэй. Энэ стратеги нь бусад салбарын стратегитай уялдсан байна.
Үндэсний стратеги нь нилээн зоримог гэхдээ бодит байдалд тулгуурласан хэрэгжихүйц наад зах нь 5-10 жилийг урьдчилж харсан зорилт дэвшүүлбэл зохино. Түүний үр дүн хэрэгжиж, дүгнэж болохуйц байхын  дээр хангалттай санхүүжилттэй байх нь чухал.
Стратегиа бэлэн болгосны дараа хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж, түүнд тодорхой арга хэмжээнүүдийг явуулах хугацааг зааж, хүч хэрэгсэлийг хувиарлаж өгнө.
Дөрөв. Энэ асуудлыг шийдвэрлэх санхүүгийн болон хүний нөөцийг бий болгох. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын асуудлыг тэргүүн зэргийн асуудал болгож авч үзэх нь зүйтэй. Үүний тулд Засгийн газар байдалд зөв үнэлгээ өгч одоо гаргах гэж буй зардал нь дараа нь илүү их зардал гаргахаас хамгаалах, хүн амын эрүүл мэндийг дээшлүүлэх чухал алхам болох нь гэдгээ ойлгож, дэмжих хэрэгтэй. Санхүүжилтын их үүсвэрүүдийг хайх нь чухал.
Тухайлбал: энэ салбараас гарч байгаа шатахууны татвар, зам ашиглалтын хураамж, зогсоолын төлбөр, тээврийн хэрэгслийн бүртгэлийн хураамж, замын хөдөлгөөний дүрэм зөрчигчдөд ноогдуулсан торгуулийн орлого зэргээс хөдөлгөөний аюулгүй байдлын  зорилтуудыг хэрэгжүүлэхэд ашиглавал зохино.
Хөдөлгөөний аюулгүй байдлын чиглэлийн боловсон хүчин хаа сайгүй дутагдалтай байдаг тул ийм чиглэлийн сургалтын хөтөлбөр боловсруулж статистик дүн шинжилгээ, аюулгүй зам төлөвлөлт, осол гэмтлийн үед үзүүлэх туслалцаа зэрэг сэдвээр сургах, түүнчлэн хот төлөвлөлт, замын хөдөлгөөний төлөвлөлт, эрүүл мэндийн төлөвлөлт гэх мэт чиглэлээр бодлого боловсруулж, дүн шинжилгээ хийх мэргэшсэн хүмүүсийг бэлтгэхэд сургалт чиглэгдэнэ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зам тээврийн осол, гэмтлээс сэргийлэх олон улсын сургалтын хөтөлбөр боловсруулж байна. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг дэмжих, гэмтлээс урьдчилан сэргийлэх Дэлхийн бага хурал, замын хөдөлгөөн, мансууруулах болон согтууруулах ундаатай холбоотой олон улсын хурал /ICADTS/, дэлхийн автозамын холбооны /PIARC/ хурал зэрэг арга хэмжээнүүдийн үед санал солилцох, холбоо тогтоож, улсынхаа чадамжийг дээшлүүлэх боломж бий.
Тав. Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, гарсан осол гэмтэлийн үр дагаварыг бууруулах талаар зорилтот хөтөлбөр дэвшүүлж, тодорхой ажил зохиож, үр ашгийг нь тооцох. Энэ чиглэлээр улс орнуудыг дараах практик арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхийг зөвлөж байгаа юм.
§  ХАБ-ын удаан хугацааны төлөвлөгөө, барилгалжилт болон тээврийн хөгжлийн хэтийн төлөв, зам төсөллөх гэсэн чиглэлээр гаргах,
§  Хурдны хязгаарыг тогтоон хэрэгжүүлэх арга хэмжээ авах
§  Хамгаалалтын бүс, хүүхдийн бэхэлгээт суудлыг заавал хэрэглэж хэвшүүлэх
§  Унадаг дугуй, мотоциклийн жолоочийг хамгаалалтын малгай заавал хэрэглүүлж сургах
§  Согтуурлын зэргийн зөвшөөрөгдөх хэмжээг албан ёсоор тогтоож биелэлтийг хангуулах
§  Өдрийн цагт 2 дугуйтай тээврийн хэрэгслийг их гэрлээ асаалгаж хөдөлгөөнд оролцуулах
§  Замын шинэ төслүүдийг хөдөлгөөний аюулгүй байдалд нийцэж байгаа эсэхэд хөндлөнгийн шалгалт явуулдаг журамд шилжих
§  Замын дэд бүтцийг аюулгүй болгох арга хэмжээнүүд
§  Хүн бүрийг ялангуяа алсын тээврийн жолооч нарыг гэмтэгсдэд анхны тусламж үзүүлэх чадвартай болгох асуудлыг тусгах
§  Соён гэгээрүүлэх, ухуулах, сурталчлах, мэдээлэл хүргэх ажил
Зургаа. Үндэсний чадамжаа хөгжүүлэх, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлыг төр, засгаас дэмжих. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын салбарт гүнзгий хямралд орсон боловч үүнийгээ бүрэн ухаараагүй байгаа тул энэ хямралаас гарахад олон улсын байгууллагуудад НҮБ, Дэлхийн эрүүл мэндийн байгуулллага, засгийн газрын бус байгууллага, олон үндэстний корпорациуд, донор орнууд гэх мэт чухал үүрэг гүйцэтгэнэ.
Хөдөлгөөний аюулгүй байдлын салбарыг нэн тэргүүнд санхүүжүүлэх шаардлагатай гэж үзэж багагүй хүч хөрөнгө зориулсан цөөхөн хэдэн байгууллагуудын тоонд FIA / Дэлхийн автомашинуудын холбоо/, “Вольво”, Рокфеллер зэрэг орж дэлхийн нийтийн замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөвлөгөөг зохицуулах тэргүүлэх байгууллага өнөөдөртөө алга байна. Гэвч НҮБ, Дэлхийн автомашинуудын холбоо, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хороо зэрэг нь энэ чиглэлд ихээхэн ажлыг гүйцэтгэж байна.
Хүний амь насыг аврах, гэмтлээс сэргийлэх чиглэлээр олон ажил хийгдэж байгаа боловч энэ ажилд хамгийн гол нь улс төрийн хүсэл зориг, шийдэл л чухал. Түүнгүйгээр ихийг бүтээж чадахгүй. Иймд хамтран  хөдлөх цаг болжээ

No comments:

Post a Comment